Тод магнай
Зар
Нутаг
Онигоо
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгч
МЭДЭЭ
БӨХЧҮҮД
БАРИЛДААНУУД
ФОТО
ВИДЕО
Хийморьлог зочин
Гарьд магнай
Домог, хууч яриа
Хөгтэй явдал
Зөвлөгөө
Дүрэм журам
Тодруулга
Амжилтын амт
Бусад
Фото мэдээ
Hiimori.mn » Мэдээ
Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц арслан Нямын Батчулуун: Анх барилдаж эхлэхдээ л дэгээ ороодог байсан
2010-02-11 09:22:30
Бөхчүүд:
.
Наадам:
Нутаг:
Булган аймаг
Ахмад бөх Н.Батчулуун нь Булган аймгийн Авто тээврийн 8-р баазад жолоочоор 33 жил ажиллаж, 1979, 1983 оны аймгийн ачаа тээврийн хошой аварга, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, Осолгүй манлай жолооч, Онц тээвэрчин цол тэмдгээр шагнагдаж байсан сайн бөх төдийгүй сайн жолооч явсан бөгөөд эдүгээ нутаг орондоо энх тунх амьдарч байгаа аж. Түүнтэй бөх сонирхогч Д.Даваацэрэн нэгэн ярилцлага хийснээ манай сонинд бичиж ирүүлснийг уншигчдадаа хүргэж байна.
-Таны анх барилдаж эхэлсэн Үеэс тань ярилцлагаа эхлэх үү?
-Би анх тэшүүрээр гулгадаг байсан юм. Аймагтаа 1967 онд МБАТ-ний III-р спартакиадад тэшүүрийн төрлөөр оролцож 3-р зэргийн болзол хангасан. Спорт хороо тэр үед нийгэмлэг гэгддэг байлаа. Тэнд улсын заан Нямжав гуай бөхийн секц хичээллүүлдэг. Тэр секцэнд а.а Уртнасан, ц.а Нямганжав, а.з Дагвадаш гээд миний үеийн хүүхдүүд явдаг байлаа. Нэг орой намайг тэдэнтэй барилд гэхээр нь барилдаж бүгдийг нь хаясан юм. Мөн аймагт хагас, бүтэн сайн өдөр барилдаан болдог байсан. Тэр барилдаанд барилдаж нэгийн даваанд “тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж арсланг давсан чинь хөлийн цэцүүд “хайнцсан” гээд болдоггүй. Тэгээд ахин барилдаж хаясан. Ингэж Жамъяндорж гуайг давснаар бөхийнхөө гарааг эхэлсэн дээ. Тэр барилдаанд гурав даваад дөрвийн даваанд а.а Сүхбаатарт унасан юм. Дараахан нь аймгийн авврга шалгаруулах барилдаанд 25 бйх барилдахад 17 давсан. Тэгээд 1967 онд цэргийн албанд мордсон. Цэрэгт очоод анги дотроо зав чөлөөндөө цэргүүдтэй их ноцолддог байлаа. Сүүлд нь ангидаа 011-р авто засварын батьлонд дэвшин очоод тангараг өргөх барилдаан болоход нь түрүүлж, тэр цагаас ангийнхан маань намайг мэддэг болж, дарга нар тэр хавийн 65, 013-р цэргийн ангиудаар дагуулан очиж барилдуулахад би түрүүлдэг байлаа. Үүний дараа улсын наадамд анх удаа зодоглож, хоёр даваад гурвын даваанд Архангайн Жамц арсланд унаж байлаа. Тэр үеэс үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн дээ.
-Таны анхны бөхийн цол?
-Цэрэгт байхдаа 1969 онд цэргийн арслан цол хүртсэн.
-Ямар, ямар бөхтэй барилдаж энэ цолыг авсан бол?
-Тухайн үед цэргийн наадам болоход армийн бүх цэргүүд цугладаг байв. 80-аад бөх барилдаж, нэг давсан бөхчүүдийг шатарчлуулсан юм.
Тэр наадамд Бээжин аварга, Жамц арслан, Өвгөнхүү, Лхагва, Нансал, Солоон начингууд зэрэг улсын цолтой 7 бөх барилдсан. 30 давсан бөхөд цэргийн арслан цол өгөх болзолтой байлаа. Би улсын цолтой бөхчүүдээс Жамц арслан, начин өвгөнхүү, Лхагва, Нансал, Солоон нарыг давж цэргийн арслан цол авсан. Манай аймгийн Болоож, Нямганжав бид гурав нэг зэрэг цэргийн арслан болсон доо.
-Аймагтаа хэдэн оноос барилдаж эхэлсэн бэ?
-1970 онд цэргээс халагдаж ирээд аймгийнхаа наадамд барилдсан. Тэр жил аймгийн наадмыг урьдчилж хийсэн юм. Энэ наадамд Цэрэн аварга, Хишигсүрэн начин нар ирж барилдлаа. Би энэ наадмын дөрвийн даваанд хожим у.н болсон Загдааг, тавд Могодын а.а Лхагвасүрэнг давж, их шөвөгт Цэрэн аварга, а.а Пүрэвдорж, у.з “бухан хүү” Моломжамцын хүү Дамдинсүрэн бид дөрөв үлдлээ. Би Дамдинсүрэнг хаяад Цэрэн аваргатай үлдэж, аварга түрүүлж, би үзүүрлэсэн юм.
-Аймагтаа хэд түрүүлсэн бэ?
-Аймагтаа 6 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Цэргийн арслантайгаа 7 түрүү, мөн аймгийн аваргаар 2 түрүүлж, аймгийн наадамд хэд хэд их шөвөгт үлдэж, нийтдээ 20 гаруй шөвгөрсөн дөө.
-Аймагт 6 түрүүлэхдээ ямар, ямар бөхчүүдтэй үлдэж байв даа?
-Хамгийн анх 1973 онд аймгийн заан Уртнасантай, 1974 онд з.б Пүрэвдаваатай, 1975 онд з.б Базаррагчаатай, 1977 онд з.б Хишигбаяртай, 1978 онд з.б Ж.Бортой /хожим у.х болсон/, 1980 онд у.н “дүүгүүр” Гомбосүрэнтэй үлдэж тус тус даван түрүүлсэн юм.
-Тухайн үед таны гол өрсөлдөгчид хэн, хэн байсан бол?
-Тэр үед аймгийн хурц арслан Орхон сумын “салтаа” Пүрэвдорж, аймгийн хурц арслан Цэгмид, Нансал, Болоож зэрэг өрсөлдөгч бөхчүүд байсан.
-Улсын наадамд хэдэн жил барилдсан бэ?
-Улсад цэрэгт байхдаа 3 жил барилдсан. эхний хоёр жил 2 давсан. Сүүлийн жил нь Адъяатөмөрөөр гурав давж дөрвийн даваанд Дорнодын Даажуу начинд унасан юм.
-Жолооч хүнд олон газар наадам таарсан байлгүй. Тэр бүгдэд зодоглож байв уу?
-Энд тэнд том, жижиг олон барилдаан таарч байсан. Жолооч болохоор өмсгөлөө байнга авч явна. 1974 онд Баян-Өлгий аймагт, ачаа буулгачихаад ирж явахад Архангшай аймгийн Ихтамир суманд нэгдлийн тайлангийн хурал болж наадам хийсэн юм. Архангайн баахан бөхчүүд ирчихсэн. Тэр наадамд барилдан үзүүрлэсэн юм. Их шөвөгт Чимэд-Очир аваргыг хаяад үзүүр түрүүнд аймгийн заантай үлдэж би унасан юм. Нэрийг нь сайн санахгүй байна.
-Таныг аймгийн арслан мөртлөө залуу бөх гэж бичүүлэн барилдаж байсан гэх юм билээ?
-Тийм ээ. Бас л Баян-Өлгий аймагт тээвэр хийгээд явж байсан. Таван машин Цэнгэл суманд тэжээл буулгачихаад буцаж явахдаа оройхон Баян-Өлгийн тээврийн буудалд хонох гээд иртэл маргааш 5 цагт барилдаантай гэж байна. Тэгэхээр нь ахлагчдаа хэлтэл “Тэг, тэг. Жаахан амарч байгаад барилдчих” гэв. Хамт явсан Ширмаш гэдэг жолооч маань бас суманд зодоглодог. Түүнийгээ “Очоод хоёр нэрээ бичүүлчих, цолтой гэж хэлээд яахав” гэсэн юм. Барилдах цаг болж бөхчүүдийн нэрийг дуудаж, хамгийн сүүлд миний нэрийг дуудлаа. Би тэр үед Булганд 2 түрүүлж, 3 үзүүрлэчихсэн, хурц арслан цолоо авчихсан байсан үе л дээ. Нэг өвгөн намайг дуудаад “Та чинь Булган аймгийн хурц арслан “дэгээ” Батчулуун мөн үү” гэхээр нь “мөөн” л гэлээ. Тэгээд би зүүн талыг магнайлж, баруун талыг Барваан гэдэг аймгийн арслан магнайлж барилдсаар дөрөвт үлдээд нөгөө Барвааныг нь, үзүүрт нэг а.з цолтой бөхийг хаяж түрүүлсэн юм. Тэр үед чинь аймгийн заалны барилдаанд түрүүлэхээр 60 төгрөгийн бай өгдөг байсан юм. Байныхаа 60 төгрөгөөр нөхөдтэйгээ замынхаа хүнсийг аваад тэр нутгаас гарч билээ.
-Та хэр аатай, шартай байв?
-Ер нь барилдаж байх үедээ аагүй, шаргүй хүн өрсөлдөгчөө хаяна гэж байхгүй л дээ. Жаахан шар байлгүй яахав.
-Таны дархан мэх дэгээ шүү дээ. Энэ мэхийг анх яаж сурав, барилдааны тань онцлог юу байв?
-Миний барилдааны онцлог гэвэл хурдан барилдах л юм даа. Ямар ч үед нэг их удаан ноцолдоод байдаггүй ээ. Анх сургуульд байхын л ангийнхаа хүүхдүүдтэй барилдахаараа дэгээ ороодог байсан. Дэгээ ороохоороо л давчихдаг байсан юм. Энэ мэх маань хожим миний дархан мэх болсон.
-Та дархан мэхээ улсын цолтой бөхчүүдэд хийж байв уу, одоо таны дэгээ мэх хийгдэж байна уу?
-Ер нь барилдаж байх үедээ дандаа л дэгээ мэхээ хийж байсан даа. Тийм дээ ч “дэгээ” гэдэг нэртэй болсон байх. Манай аймгийн бөхчүүд ер нь мэхээрээ алдартай л даа. “Тэмээ өргөдөг” Жамъяндорж, “гүйдэг” Цэрэндаш, “дүүгүүр” Гомбосүрэн гээд л байна даа.
-Танай Тэшиг сум хэр олон бөхтэй вэ?
-Манай сум эрт дээр үеэсээ л бөх олонтой. Очир заан, Бадам заан, олимпийн мөнгөн медальт Даваажав начин гээд улсын цолтой бөхчүүд байна. Бямбаа, Ганчулуун, Ганхуяг тэргүүтэй аймгийн арслан, заан начингууд олон бий.
-Та барилдаж байх үедээ ямар ямар бөхчүүдтэй дотно нөхөрлөж байсан бэ?
-Цэрэгт байхын л Болоожтойгоо нөхөрлөж ирсэн. Бид хамт нэг ангид алба хаасан юм. Мөн хамт “Алдар”-ын тамирчин байлаа. Дорноговийн у.н Одсүрэн, Амартүвшин бид хэд их найз байсан юм.
-Таныг ид барилдаж байх үед аймгийн бөхчүүд наадмын бэлтгэл хийдэг байв уу?
-Би цэрэгт байхдаа Өвгөнхүү начинтай /харцага/ хамт наадмын бэлтгэл хийдэг байлаа. Би чинь ганц дэгээ мэх хийхгүй шүү дээ.Заримдаа татаж гуядна, хавирна, татаж хөл аваад сууна гэх мэт мэхийг тэр бэлтгэл дээр сурсан. Цэргээс халагдаж нутагтаа ирээд жолооч болсон болохоор наадмын бэлтгэлд гарч амждаггүй байсан. Наадмаа тааруулж тээврээс ирээд бэлтгэлгүй барилдаад л хэдэн жил түрүүлсэн хүн дээ.
-Таны барилдаж байх үеийн хамгийн сайхан дурсамж гэвэл?
-Анх 1968 онд цэрэгт байхад Өмнөговийн Адъяадорж гэдэг аймгийн начин цолтой бйх манай ангид тогооч, би хүсний түгээгч хийдэг байсан юм. Нэг удаа бид хоёрыг дарга маань Хоршоолол нийгэмлэгийн зааланд дагуулж очоод барилдуулсан юм. Тэр барилдаан дээр би нэгийн даваанд Цэрэн аваргыг, хоёрт Бээжин арсланг, гуравт Адъяа зааныг, дөрөвт Баасанхүү начинг тус тус хаяад түрүүлсэн юм. Энэ барилдаанаас 7 хоногийн дараа намайг “Алдар”-т авсан. Ид залуу сайхан ч байж дээ. Мөн 2007 онд миний төрж өссөн Тэшиг сумын ард түмэн спортын алдрыг минь тэмдэглэж, баяр наадам хийхэд их баярласан даа.
-Та бөхийн өөр төрлөөр барилдаж байв уу?
-Самбо бөхөөр барилдаж байсан. 1968-1970 онд самбын шигшээд барилдаж спортын мастерийн болзол хангасан. Мөн МБАТ-ний спартакиадаас самбо бйхийн төрлөөр хүрэл медаль хүртэж байлаа.
-Таныг таван аймгийн бүсчилсэн тэмцээнд түрүүлж байсан гэж сонссно юм байна?
-Ард түмний 4-р спартакиадаар 1971 онд Дархан хотод очиж барилдаад 7 давж түрүүлсэн. Намайг 7 удаа дэгээ хийж түрүүлсэн гээд л ярьцгаадаг юм билээ. Гэхдээ арай ч долоон дэгээ хийгээгүй байх аа.
-Аймгийн аварга шалгаруулах барилдаанд хэрхэн оролцож байсан тухайгаа хуучлаач?
-Би аймгийн аварга шалгаруулах барилдаанд 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн. Намайг барилдаж байх үед 10 гаруй аймгийн арслантай 30-аад бөх барилддаг байсан. Одоо энэ аймгийн аварга шалгаруулах барилдаан гэж байх аа больжээ. Болсон ч хэдэн хүүхэд л барилдах юм.
-Залуу бөхчүүддээ захиж, хэлмээр зүйл юу байна?
-Мэхээ сайн хийж сайхан барилдах хэрэгтэй. Ямар ч мэхийг даацтай хийж сурах хэрэгтэй. Сүүлийн үеийн залуус барьц сонгохыг хүлээгээд зогсчих юм. Манай аймгийн Гурванбулаг сумын Отгонбаатар гэж хүү байна. Унасан ч, давсан ч гудиггүй, хөдөлгөөнтэй, сайхан барилддаг юм. Залуучуудыгаа Отгонбаатар шиг барилдаасай гэж боддог.
-Та хэдэн хүүхэдтэй вэ, үр ач нараас чинь барилдах хүүхэд байна уу?
-Манай гэр бүлийн хүнийг Шүрэнчимэг гэдэг. Насаараа багшлаад одоо тэтгэвэртээ суусан. Би дөрвөн хүүхэдтэй. 3 хүү минь барилдсангүй. Бүгд жолооч мэргэжилтэй.
-Та олон жил барилдлаа. Монгол бйх танд юу өгсөн бол?
-Монгол бөх хүнд хариуцлага, нэр алдар авчирдаг даа. Бидний үед түрүү бөхөд хавтастай толь, дугуй булант, дээлийн өнгө бай шагналд өгч байсан. Энд тэндээс даага, адуу их хөтөлсөн дөө. Мөн ажил бөх хоёроо хослуулж явлаа.
-Та “Бөх” сониноороо дамжуулаад найз нөхөд, үе тэнгийн бөхчүүддээ мэндчилгээ дэвшүүлэх үү?
-Миний үе тэнгийн, нэгэн үед барилдаж явсан у.з Мягмар, Амартүвшин, у.х Өвгөнхүү, Сэрээтэр, у.н Архангайн Ренчиндорж, у.н “дүүгүүр” Гомбосүрэн нартаа удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье.
Бөх сонин
:: Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчидийг хүндэтгэн
соёлтой оролцоно уу!
Зочдын сэтгэгдэлд Hiimori.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
:: Сэтгэгдэл
Нийт:
:: МАНАЙ НУТАГ
Улаанбаатар хот
Архангай аймаг
Баян - Өлгий аймаг
Баянхонгор аймаг
Булган аймаг
Говь Алтай аймаг
Говьсүмбэр аймаг
Дархан-Уул аймаг
Дорноговь аймаг
Дорнод аймаг
Дундговь аймаг
Завхан аймаг
Орхон аймаг
Өвөрхангай аймаг
Өмнөговь аймаг
Сүхбаатар аймаг
Сэлэнгэ аймаг
Төв аймаг
Увс аймаг
Ховд аймаг
Хөвсгөл аймаг
Хэнтий аймаг
Онцлох мэдээ
Бөхчүүдийн тодотгол нэрийн бяцхан толь
Улсын их баяр наадамд шөвгөрсөн улсын цолтой бөхчүүдэд наадам зохион байгуулах хороо чимэг…цолгүй буюу цолоо ахиулах болзол биелүүлсэн бөхчүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган хүндэтгэл үзүүлж, үндэсний...
2010/06/08
Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Алтаргана-2010" Буриад бөхийн барилдаан
2010/07/28
15 аймагт шинэ арслан төржээ
2010/07/22
Ч.Санжаадамба Монгол туургатны наадмын босоо...
2010/07/20
сурталчилгаа
сурталчилгаа
300px × 180px
Hiimori.mn on Facebook
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
сурталчилгаа
:: Зурагтай мэдээ
Шинэ цолтонгууд -...
Арван жилийн...
"Амжилтын амт" -...
"Амжилтын амт"...
Начин болсон...
Он оны начин...
Дэлхийд ганцхан...
:: Үндэсний спортыг дэмжигч албан ёсны түншүүд
ТОП ТҮНШ
ТҮНШҮҮД
Нүүр хуудас
Бидний тухай
Сурталчилгаа байрлуулах
Санал хүсэлт
Холбоо барих
Copyright © 2009 Дизайн болон Програмыг
B1 LLC
Үндэсний спортын портал сайт
Hiimori.mn
WWW.HIIMORI.MN сайтнаас зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.